Оюутолгойн уурхайн гүнд ажилчид 6 цаг гацжээ

9 дүгээр сарын 3-ны өдрийн 18.00 цагийн орчимд Оюутолгойн гүний уурхайгаас газрын гадарга руу гарахаар өргүүрт орсон 61 ажилтан 1226 метрийн гүнд гацсан осол гарч, ажилчид нийт зургаан цагийн турш уурхайн гүнд гацжээ.

Энэ тухай Оюутолгой ХХК-иас “Есдүгээр сарын 3-ны орой цахилгаан тасарсны улмаас гүний уурхайд ажиллаж байсан ажилтнуудыг газрын гадарга руу гаргах явцад хүндрэл гарч, удааширсан. Гэхдээ тухайн үед гүнд байсан бүх ажилчдыг аюулгүй гадарга руу гаргаж чадсан бөгөөд нэг ч хүн бэртэж гэмтээгүй.

Өргүүрийг хэвийн ажиллагаанд оруулах явцад нэмэлт хүндрэл гарсан ч манай баг аюулгүй, нягт нямбай ажиллаж, асуудлыг шийдвэрлэж чадсан. Энэ бүх хугацаанд уурхайд аюулгүй байдлын ямар нэгэн эрсдэл гараагүй.

“Оюу толгой” болон гэрээт түнш байгууллагуудын удирдлага, аюулгүй ажиллагаа болон гүний уурхайн үйл ажиллагааны багууд ажилтнуудтайгаа тогтмол уулзаж ярилцан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн. Бид болсон үйл явдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, юу болсныг илүү ойлгож, шаардлагатай сайжруулалтуудыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэжээ.