Узбекистан улсад болсон Бөхөн хамгааллын салбар хуралдаанд БОЯ-ны төлөөлөгчид оролцож илтгэл тавьжээ
Узбекистан Улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) Бөхөн хамгааллын салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Жастин Шанти, ахлах судлаач Б.Бүүвэйбаатар, судлаач С.Болорцэцэг болон бусад судлаачид оролцлоо.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн ахлах судлаач, амьдрах орчны хөтөлбөрийн менежер Б.Бүүвэйбаатар “Монгол орны бөхөнгийн хамгаалал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьсан ба илтгэлд: 2024 онд Монгол Улсын Засгийн газраар батлуулах “Бөхөн хамгааллын стратеги төлөвлөгөө”, шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцад бөхөнгийн популяцийг хэрхэн хамгаалах, бөхөнгийн тоо толгой 2018 оноос 2023 оны хооронд 3391-ээс 15540 болтол өссөн ололт амжилт, олон улсын байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар онцлон дурдлаа.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн судлаач, менежер С.Болорцэцэг “Бөхөнгийн хууль бус худалдааг таслан зогсоох” талаар иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулсан талаар илтгэл тавьж оролцлоо.
Байгаль хамгаалах үйлсэд гаргасан амжилтыг нь үнэлэн “Шилдэг бөхөн хамгаалагч” шагналаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн олон янз байдлын мэргэжилтэн Г.Олонбаатар шагнагдаж Монгол Улс Бөхөн хамгааллын салбар хуралдаанд амжилттай оролцон илтгэл тавьжээ.
Average Rating