Хятад залуус алтан бөмбөлөг худалдан авч хөрөнгө хуримтлуулдаг болжээ
Өнөөгийн зарим хятад залуус долоо хоног эсвэл сар тутамд 1-3 гр алтан бөмбөлөг худалдан авч хадгалдаг болж гэнэ. Түүнчлэн баяр дурсгалын өдрүүдээр худалдаж авсан алтан бөмбөлөг өөрт нь дурсгал болон үлдэх төдийгүй үнэ цэнэ нь ч улам өсдөг хэмээн залуу хэрэглэгчид хэлжээ.
Үүнтэй холбогдуулан алтны бизнесмэнүүд төрөл бүрийн алтан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж эхлэв. Ялангуяа алтан буурцаг, самар, шиш, ембүү, азын дугтуй гээд 1-3 грамм алтан эдлэлийн борлуулалт сайн байна.
“2021 оны Хятадын алт, үнэт эдлэлийн хэрэглээний судалгааны цагаан ном”-д, алтан бүтээгдэхүүн худалдан авагчдын 70 гаруй хувь нь 25-35 насныхан болохыг дурджээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим худалдааны платформын маркетинг тэдэнд түлхүү нөлөөлсөн аж. Дашрамд дурдахад, Хятадын Таобао, Жиндүн зэрэг цахим худалдааны талбар дахь зарим алтан бүтээгдэхүүний сарын борлуулалт 100 мянгыг давах нь ховор үзэгдэл биш болжээ.
