Монгол улсын 201 мянга иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна

2025 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллогоор гадаадад 6 ба түүнээс дээш сараар оршин суугаа 201,350 Монгол Улсын иргэн бүртгэгдсэн байна. Энэ нь 2020 оны 122,301 иргэнтэй харьцуулахад 64.6%-иар буюу 79 мянга гаруй хүнээр өссөн үзүүлэлт юм.

Өсөлт ялангуяа залуучууд болон хөдөлмөрийн насныхны дунд төвлөрч, 2025 онд гадаадад оршин суугаа иргэдийн 59.5%-ийг 15–39 насныхан бүрдүүлжээ. Түүнчлэн 15–19 насныхны тоо 2020 оноос 2.7 дахин өссөн бөгөөд тайланд үүнийг боловсрол эзэмшихээр гадагш чиглэх шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна.

Гадаадад оршин суугаа зорилгын хувьд суралцах, гэр бүлийн шалтгаан болон хувиараа хөдөлмөр эрхлэх нь хамгийн өндөр хувийг эзэлж байна. Харин улс орноор нь харвал Монголчууд БНСУ, АНУ, Япон, Австрали, Чех улсад хамгийн олноор оршин сууж байна.