Korean Air ноцтой зөрчил гаргаж, 10 сая воноор торгуульжээ
Korean Air-ийн нэг автобусны алдаанаас болж 4 зорчигч цагаачлалын шалгалтгүйгээр нисэх буудлаас гарчээ
БНСУ-ын Korean Air компани олон улсын нислэгээр ирсэн зорчигчдыг дотоодын терминал руу андуурч хүргэсэн ноцтой зөрчил гаргаж, 10 сая воны буюу ойролцоогоор 25 сая төгрөгийн торгууль хүлээжээ.
Тодруулбал, өнгөрсөн 6 дугаар сарын 7-нд Токиогийн Ханэда нисэх буудлаас Сөүлийн Гимпо нисэх буудалд газардсан KE2106 нислэгийн 52 зорчигчийг олон улсын терминал руу хүргэх ёстой байв.
Гэвч зорчигчдыг тээвэрлэж явсан автобусны нэг нь терминалаа андуурч, дотоодын терминалд хүргэжээ.
Зорчигчид ямар нэгэн шалгалтгүйгээр дотоодын нислэгээр ирсэн хүмүүсийн урсгалд орж, улмаар дөрвөн хүн цагаачлалын шалгалтад огт орохгүйгээр нисэх буудлаас гарсан байна.
Хамгийн хачирхалтай нь тэд өөрсдөө ч алдаа гарсныг мэдээгүй аж. Харин дараа нь буцаж ирж, цагаачлалын холбогдох шалгалтад оржээ.
Нэг автобусны жолоодлогын алдаа гэхэд олон улсын нислэгийн зорчигчид цагаачлалын хяналтыг бүхэлд нь алгасах нөхцөл үүссэн байна.
Үүний улмаас БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас Korean Air-д 10 сая воны торгууль ногдуулжээ.
Korean Air дахин ийм зөрчил гаргахгүйн тулд газрын үйлчилгээ болон зорчигч тээвэрлэлтийн үйл явцаа сайжруулахаа мэдэгдсэн байна.
