БНСУ-Д БҮХ ИРГЭНИЙ ОРШИН СУУГАА ХАЯГИЙГ ШАЛГАНА
БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас (행정안전부) оршин суугаа газрын бүртгэл бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг шалгах “Оршин суугаа газрын бүртгэлийн бодит байдлын шалгалт” (주민등록 사실조사)-ыг жил бүр зохион байгуулдаг.
9-р сарын 8-наас 11-р сарын 9 хүртэл холбогдох ажилтнууд айл өрхөөр биечлэн очиж шалгалт хийнэ.
Энэхүү шалгалтаар, бүртгэл дээрх хаяг болон тухайн хүний бодитоор амьдарч байгаа газар тохирч байгаа эсэх
Бүртгэлээс зөрүүтэй амьдарч байгаа эсэх зэрэг мэдээллийг шалгана.
Дараах хүмүүсийг тусгайлан анхаарч шалгах юм байна.
🔹 100-аас дээш настай өндөр настнууд
🔹 5 ба түүнээс дээш жил оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа хүмүүс
🔹 Нас барсан байж болзошгүй гэж үзэж буй хүмүүс
🔹 Нийгмийн халамж, хамгааллын өндөр эрсдэлтэй өрхүүд
🔹 Удаан хугацаагаар хичээл тасалсан хүүхэдтэй өрх
🔹 Сургуульд орох насанд хүрсэн боловч сургуульд хамрагдаагүй хүүхэдтэй өрхүүд
Айлд очиж шалгалт хийх ажилтан нь зураг, нэр, хүчинтэй хугацаа бүхий “Бодит байдлын шалгалтын ажилтны үнэмлэх” зүүсэн байна.
Хэрэв тухайн хүний бодитоор оршин сууж байгаа эсэхийг газар дээр нь тогтоох боломжгүй бол холбогдох төрийн албан хаагч нэмэлт шалгалт хийж болно.
Шалгалтаас татгалзвал торгуультай
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэхүү шалгалтад оролцохоос татгалзах, зориудаар зайлсхийх тохиолдолд БНСУ-ын Оршин суугчийн бүртгэлийн тухай хуулийн дагуу 100,000–500,000 воны торгууль ногдуулж болзошгүй.
Гэхдээ ажил, сургууль, гадаадад зорчсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд тодорхой нөхцөлд үл хамаарах зохицуулалт үйлчилж болно гэжээ.
