Я.Содбаатар: Дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.09.17/ Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаараа, “МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нэр дэвшүүлэх Ерөнхий сайдын саналыг оруулж ирж, дэмжлээ. Одоо Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-ын чуулганаар танилцуулж, шийдвэрлэх байх. Манай Дархан-Уул аймгийн МАН-ын хороо ирэх Бямба гаригт хуралдах гэж байгаа. Нэр дэвшүүлэх асуудлыг ярьж, одоогийн аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг өгч байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг дээр 30, 38 гэдэг тоо байхгүй. Зүгээр ажил төрлөө өгсөндөө гоморхсон, хоёр улстөрч хоорондын харилцаатай холбоотойгоор 10 гаруй гишүүд байх шиг байна. Намын удирдлагын зүгээс болон Хяналтын хорооноос биечлэн уулзаж, ойлголцох тал дээр анхаарч байна. Жишээлбэл, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг МАН-ын Хяналтын хороон дээр дуудаж, тайлбарыг нь авсан. Аливаа асуудал холбогдох дүрэм журмаараа явах ёстой. МАН 31 дүгээр Их хурлаа 2025 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан. Их хурлаар намын талцал хуваагдал, дараагийн удирдлага хэн байх вэ, ирэх сонгуулиудад ямар багаар ажиллах вэ гээд нийт 300 мянган намын гишүүн хуралдаж, дотроосоо 200 гаруй хүнийг сонгон МАН-ын шинэ даргаар Н.Учралыг сонгосон.
Нам дотроо янз бүрийн талцал хуваагдал байх ёсгүй, дүрэмд заасан зөрчил үүсвэл МАН-аасаа хөөгдөнө. Энэ том нам олон жил намынхаа дүрмийн хүрээнд явж, ард түмний итгэлийг авч, олон удаагийн сонгуульд ялж байгаа. Зуун жил болж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, үзэл баримтлалтай, олон мянган намын гишүүнтэй нам. Тэр агуулгаараа том харах ёстой. Мэдээж айлд зарим нэг залхуу хүүхэд байдаг шиг МАН-ын ийм гишүүддээ хариуцлага тооцоод л явна” .
