Клиникийн профессор А.Буяндэлгэр эмч: Чихрийн шижин өвчинд тарьдаг Озембик тарианы тухай
Оземпик
Чихрийн шижингийн 2-р хэлбэр өвчний эмчилгээний шинэ эмнүүд
Мэдээж чихрийн шижингийн 2-р хэлбэрийн өвчинтэй хүмүүс аливаа шинэ эм хэрэглэж инсулин тариулахгүй мөртлөө дуртай хоол ундаа идэж ууж болдог болно гэж итгэл найдвар хүлээлгэх нь зүйн ёсны хэрэг юм. Ийм шинэ эмнүүд нь өндөр үнэтэй сурталчилгаа сайнтай байдаг. Тэдгээр эмний нэг нь Оземпик юм.
Глюкагон төст пептидийн хүртэхүйн эсрэг бэлдмэл ( glucagon-like peptide-1 receptor agonist)
Энэ бүлэг эмэнд Баета, Виктоза, Ликсумия, Трулисити, Оземпик зэрэг эмнүүд ордог ба 2005 оноос эхэлж Баета эмийг хэрэглэж эхэлжээ. Оземпик эмийг 2019 оноос хэрэглэж эхэлсэн. Зөвхөн тариа хэлбэрээр байдаг.
Заавар дээрээ инсулины ялгаралтыг сайжруулснаар сахар буулгадаг гэж бичсэн байдаг ч гэсэн энэ үйлчилгээ нь маш сул. Энэ эмнүүдийн үндсэн үйлчилгээ нь хоол идэх дуршлыг бууруулахад оршдог. Хоол идэх дуршил нь буурсан хүмүүсийн хурдан нүүрс усны хэрэглээ ойролцоогоор 33%-аар багасдаг. Зөвхөн хурдан нүүрс усны хэрэглээ нь хоол идэх дуршил багассанаас болж буурснаар биеийн жин 5-6кг хасагдаж, цусны даралт багасаж цусан дах сахарын хэмжээ бага зэрэг буурдаг. Энэ нь чихрийн шижин өвчнийг эмчилж байна гэсэн үг огт биш юм.
Энэ бүлгийн эмнүүд нь их өндөр үнэтэйгээс гадна гаж нөлөө ихтэй.
Дотор муухай оргино, бөөлжинө. Гүйлгэнэ, эсвэл өтгөн хатна. Гэдэс дүүрнэ, толгой эргэнэ, хурдан ядарна.
Хамгийн ноцтой бөгөөд амь насанд аюултай гаж нөлөө нь нойр булчирхайны хурц үрэвсэл юм. Албан ёсоор нойр булчирхайны хурц үрэвсэл тохиолдох магадлал нь 500 хүнд 1 боловч бодит байдал дээр хамаагүй их юм. Мөн оземпик тариа нь бамбайны хорт хавдар үүсгэдэг нь батлагджээ.
Энэ их үнэтэй ийм гаж нөлөөтэй тариаг заавал тариулах шаардлага байна уу? Мэдээж байхгүй.
Ямар нэгэн хүндрэл гарвал зарсан, сурталчилсан нэг ч хүн хариуцлага хүлээхгүй.
Чихрийн шижингийн 2-р хэлбэр өвчний нэг шинж тэмдэг нь хоол идэх дуршил нь эмгэгээр ихсэх, ялангуяа гурил чихэр цагаан будаа төмс гэх мэтийн цусан дах сахар огцом ихэсгэдэг хурдан нүүрс усыг их хэмжээгээр байнга идэх хамааралтай болсон байдаг. Гэтэл Нүүрс ус багатай өөхтэй махтай хоолны дэглэм барьснаар маш хурдан энэ нүүрс ус идэх эмгэг дуршил амархан арилдаг. НУБХоолны дэглэм барьсны дараа 5-6 цагийн турш өлсдөггүй учраас зөвхөн хоол идэх дуршилаа багасгах гэж энэ үнэ ихтэй, гаж нөлөөтэй тариаг заавал тарих шаардлага байхгүй.
Гэхдээ үнэхээр хоолны эмгэг дуршлаа ялж чадахгүй, гурил чихэр г.м хурдан нүүрс усанд донтсон хэт их жинтэй ө.х хүнд хэлбэрийн таргалалттай хүмүүс эмчилгээний эхэн үед түр зуур энэ бүлгийн тариаг тарьж болно гэж үздэг. Биеийн жин хэвийн эсвэл туранхай хүмүүс оземпик тариад ямар ч ашиггүй.
Чихрийн шижин өвчний 2-р хэлбэрийн өвчинтэй хүмүүст хамгийн аюулгүй батлагдсан эмчилгээний арга бол НУБХоолны дэглэм дээр суурилсан Бернстейн эмчийн арга юм.
Аливаа эмчилгээний муу тал сайн талыг заавал харьцуулж байж сонголтоо хийх хэрэгтэй.
