Гэр бүлийн хүчирхийлэлээр гэрлэлт цуцлуулах бол шүүх эвлэрүүлэн зуучлах хугацаа өгөхгүй

Read Time:1 Minute, 45 Second

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Нөхөр Ө нь байнга архи уудаг бөгөөд архи уухаараа догшин ширүүн ааштай болж, цохиж нүддэг болсон. Зодож цохихоороо араатан шиг гарт таарсан мод, чулуу юугаар ч хамаагүй цохиж нүддэг. Ө нь 2017 онд намайг зодож, миний уруулыг сэтэлж, үүдэн шүдийг маань унагаасан. Тухайн үед надад цагдаа дуудах боломж олгоогүй. Гэрээсээ ч гаргахгүй, гар утсыг маань хураагаад авчихсан. Би урууландаа 8 оёдол тавиулж, одоо болтол үүдэн шүдээ хийлгэж чадаагүй явж байгаа. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй.” гэж тодорхойлсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т “…гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.” гэж заасан.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон байх”-ыг ойлгоно.

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-ийн байнгын хүчирхийлэл, дарамтад өртдөг, түүнд зодуулсны улмаас уруулаа сэтлүүлж, үүдэн шүд нь унасан зэрэг нөхцөл байдлын талаар дурдаж, энэ талаарх гэрэл зургийг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн тул шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэж үзэж, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэрлэгчдийн гэрлэлт цуцлуулах шалтгаан нь хариуцагч Ө-ийн байнга архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхцөл байдлаас шалтгаалсан байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т, Ө нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин А, хүү А нарыг нэхэмжлэгч Т-ийн асрамжинд үлдээж, эцэг Ө-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Гэр бүлийн хүчирхийлэлээр гэрлэлт цуцлуулах бол шүүх эвлэрүүлэн зуучлах хугацаа өгөхгүй

  1. Very well presented. Every quote was awesome and thanks for sharing the content. Keep sharing and keep motivating others.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *