Илон Маск, Тесла-аас 1 их наяд ам.долларын цалин авна

🔴Tesla компанийн хувьцаа эзэмшигчид Илон Маскийн 1 их наяд ам.долларын цалинтай багцыг баталжээ

2025 оны 11-р сарын 6-нд Tesla-ийн хувьцаа эзэмшигчид компанийн гүйцэтгэх захирал Илон Маск-т олгох асар өндөр цалин, урамшууллын багцыг баталжээ. Энэхүү шийдвэр нь Маскийг дэлхийн анхны “тэрбумтан”-аас цааш, анхны “их наядтан” болгох боломжийг нээж байна.

Tesla-ийн хувьцаа эзэмшигчдийн 75 гаруй хувь нь цалингийн багцыг дэмжжээ. Үүнд Маскийн эзэмшдэг 15% хувьцааг санал хураалтад тооцоогүй ажээ.

Энэ урамшуулал нь цалин биш, харин ирэх 10 жилийн хугацаанд түүнд 423.7 сая Tesla хувьцаа олгох хэлбэртэй.

Хэрэв Tesla-ийн зах зээлийн үнэлгээ 8.5 их наяд ам.долларт хүрвэл, эдгээр хувьцааны үнэ ойролцоогоор 1 их наяд ам.доллар болно.

Энэ нь Маск өдөрт 275 сая ам.доллар “олохтой” тэнцэх, түүхэнд байгаагүй дээд түвшний урамшуулал юм.

Tesla энэ зорилтод хүрэхийн тулд хувьцааны ханшийг одоогийнхоос 466% өсгөх шаардлагатай.
Энэ нь өдгөө дэлхийн хамгийн үнэтэй компани Nvidia-ийн $5 их наяд үнэлгээнээс 70%-иар өндөр гэсэн үг.

Маск одоогоор Bloomberg-ийн мэдээлснээр 473 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, голчлон Tesla, SpaceX, xAI зэрэг компанийн эзэмшлээсээ орлого олдог.

Tesla-ийн ТУЗ-ийн мэдээлснээр, хэрэв энэхүү урамшууллын багц батлагдаагүй бол Маск компанийн гүйцэтгэх захирал байхаа болих талаар хүртэл дурдсан байжээ.

Маск Tesla-ийн анхаарлыг цахилгаан машин борлуулах бизнесээс өөрөө жолоодлоготой “робот такси”, хүн дүрст робот үйлдвэрлэл рүү чиглүүлж буйгаа онцолсон.
Тэрээр хувьцаа эзэмшигчдэд хандахдаа:
“Эдгээр робот бол гар утаснаас ч илүү том, дэлхийн хамгийн хүчирхэг бүтээгдэхүүн болох болно. Бараг л хүн бүр өөрийн R2D2 эсвэл C3PO-той болно” гэжээ.
Маск эдгээр роботыг нэг бүрийг нь 20,000 ам.доллараар үйлдвэрлэж, машины үнээр худалдах боломжтой гэж үзэж байгаа юм.
Тэр ч байтугай “роботууд мэс засалчдыг орлох, дэлхийн ядуурлыг устгах, эдийн засгийн дэг журамд шинэ эрин авчирна” хэмээн зоригтой мэдэгджээ.

Гэхдээ эдгээр санаа, бүтээгдэхүүнүүд одоогоор туршилтын шатандаа байгаа бөгөөд борлуулалт эхлээгүй байна.

6 thoughts on “Илон Маск, Тесла-аас 1 их наяд ам.долларын цалин авна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *