Haribo компанийн “Happy cola” чихрээс каннабис илэрсэн гэж мэдэгджээ

Германы чихэр үйлдвэрлэгч Haribo компани Голланд улсаас  “Happy Cola” нэртэй чихрээ пүрэв гарагт эргүүлэн татжээ.

Учир нь эдгээр чихрийн уутанд каннабис (мансууруулах бодис) илэрч, хэд хэдэн хүн, түүний дотор хүүхдүүд өвдсөн байна.

Голландын Хүнс, хэрэглээний барааны аюулгүй байдлын алба (NVWA) мэдэгдэхдээ “Happy Cola F!ZZ” нэртэй бүтээгдэхүүний зөвхөн гурван уутанд асуудал байсан ч урьдчилан сэргийлэх үүднээс бүхэл бүтэн татан авалтыг хийсэн гэжээ.

NVWA-гийн мэдэгдэлд: “Хүнсний хэрэглээний хувьд эрүүл мэндэд нөлөөлөх, жишээлбэл толгой эргэх зэрэг зовиур үүсгэж болзошгүй чихэр бүхий уутнууд эргэлтэд байж болзошгүй байна” гэж дурджээ.

NVWA-гийн хэвлэлийн төлөөлөгч Саида Ахйад: “Холбогдох кола хэлбэртэй чихэрнүүдэд каннабис илэрсэн” хэмээн мэдээлэв.

Ахйадын хэлснээр, энэ хэргийн талаар одоо цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа аж.

Haribo компанийн маркетингийн дэд ерөнхийлөгч Патрик Такс: “Бүтээгдэхүүн татан авах ажиллагаа нь зөвхөн улсын зүүн хэсэгт  хэдхэн тохиолдолд хамаарна” гэжээ.

Тэрээр мөн: “Манай хэрэглэгчдийн аюулгүй байдал бол бидний хамгийн чухал зорилт бөгөөд Haribo энэ явдлыг маш ноцтойгоор хүлээн авч байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *