
БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи онцгой прокурорт сэжигтнээр мэдүүлэг өглөө
Read Time:1 Minute, 1 Second
СӨҮЛ, БНСУ 2025 оны 8-р сарын 6
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёолийн гэргий, Тэргүүн хатагтай асан Ким Гон Хи өнөөдөр онцгой прокурорын багт сэжигтнээр мэдүүлэг өглөө. Тэрээр өглөөний 10:10 цагт Сөүл хотын Жонногу дүүрэгт байрлах KT Гванхвамун барилгын “West” хэсэгт орших мөрдлөгийн албаны байр руу мэдүүлэг өгөхөөр орсон байна.
Ким Гон Хи мэдүүлэг өгөхөөр явахдаа:
“Надаас болж ард иргэдэд санаа зовнил учруулсанд уучлаарай. Сайн шалгуулаад гарна” гэж хэлсэн боловч сэтгүүлчдийн бусад асуултад хариулаагүй байна.
Түүхэнд анх удаа Ким Гон Хи нь онцгой прокурорын багт ил тод байдлаар дуудагдсан анхны экс тэргүүн хатагтай болж байна. Өмнө нь түүнийг хэд хэдэн хэрэгт холбогдуулан Сөүл хотын төв болон дээд шатны прокуророос дуудаж байсан ч ил гарч мэдүүлэг өгөхөөс татгалзаж, зөвхөн 2024 оны 7 сард нэг удаа хаалттай байдлаар мэдүүлэг өгч байв.
Шалгагдаж буй гол хэргүүд:
Ким Гон Хигийн холбогдсон 16 гол хэрэг байгаагийн дотор:
- Дойче Моторс, Самбу Төгөн компанийн хувьцааны үнэ хуурамчаар өсгөсөн хэрэг
- Тансаг үнэтэй гар цүнх хахуульд авсан байж болзошгүй хэрэг
- Төрийн хэрэгт энгийн иргэд хэт оролцсон асуудал (Жон Сон Бэ, Мён Тэ Гюн)
- Сонгуулийн үеийн нөлөөлөл, нэр дэвшигчтэй тохиролцоо
- Янгпён хурдны замын чиглэл болон зөвшөөрөлд оролцсон байж болзошгүй асуудал холбогдол бүхий хэргүүд зэрэг оржээ.
Эх сурвалж: СолонгосМэдээ #BBCKorea
Average Rating