Тэргүүн хатагтай асан Ким Гон Хи: “Би хөрөнгө, нэр төрөө бүгдийг нь алдсан, надад юу ч үлдээгүй…”

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльийн гэргий, тэргүүн хатагтай асан Ким Гон Хи лхагва гарагт давж заалдах шатны шүүх хурлын үеэр сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй, өөрийг нь цагаатгаж өгөхийг хүсжээ.

Тэрбээр анхан шатны шүүхээс эрх мэдэл ашиглан нөлөө үзүүлсэн хэрэгт 7 жилийн хорих ял сонссон бөгөөд өөрийн нөхөр Ерөнхийлөгч болсны дараа “би хөрөнгө мөнгө, нэр төрөө бүгдийг нь алдсан” хэмээн мэдэгдсэн байна.

Сөүл хотын Дээд шүүхэд өгсөн эцсийн мэдүүлэгтээ Ким Гон Хи:
“Би хэзээ ч төрийн албан тушаал, төрийн төсөл хөтөлбөрийг хэн нэгэнд өгөхийнхөө төлөө хариу ашиг хүртэж байгаагүй. Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглан хэн нэгэнд албан тушаал, бизнесийн боломж олгож байгаагүй” хэмээн мэдэгджээ.

Гэвч анхан шатны шүүх түүнийг бүх зүйл ангиар буруутай гэж үзсэн байна.

Үүнд Seohee Construction компанийн дарга Ли Бон Гван-аас өөрийн хүргэн хүүд нь албан тушаал олгуулахад тусална гэсэн хариу ашигтайгаар 103.8 сая воны үнэт эдлэл авсан гэх хэрэг багтжээ.

Мөн 39.9 сая воны Vacheron Constantin цаг, алтан яст мэлхий, Жусоны үеийн алдарт Sehando зургийн хуулбар, пастер Choi Jae-young-ээс Dior брэндийн цүнх, намын нэр дэвшигч тодруулахтай холбоотой хүсэлтийн хүрээнд авсан гэх зураг зэрэг үнэт зүйлтэй холбоотой хэргүүдээр буруутгагдсан байна.

Одоо Ким Гон Хигийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд тэрбээр эцсийн мэдүүлгээрээ өөрийгөө Ерөнхийлөгчийн гэргий гэсэн байр сууриа хувийн ашиг хонжоо олоход ашиглаагүй гэдгээ дахин онцолжээ.

Эх сурвалж: Korea Herald