АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь Улсын гуравдугаар дугаар төв эмнэлэгт 8.5 сая ам.долларын засвар шинэтгэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ
АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) болон Улсын гуравдугаар төв эмнэлэг хамтын ажиллагааны 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Зүрх судасны өвчлөлийг эрт оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэхэд чиглэсэн орчин үеийн технологид суурилсан үйлчилгээг үзүүлэх боломжоор хангах зорилгоор Улсын гуравдугаар дугаар төв эмнэлэгт 8.5 сая ам.долларын өртөг бүхий засвар шинэтгэл хийх тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн төслийн хүрээнд нийлүүлж байв.
Арга хэмжээний үеэр Мянганы сорилтын корпорацын дэд суурин төлөөлөгч Бурак Инанч Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгийн хамт олонд үр бүтээлтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Тэрээр мөн Монгол Улсад зүрх судасны өвчлөлтэй тэмцэх үйлсэд гар бие оролцож, Улсын гуравдугаар эмнэлгийг манлайлан ажилласан анагаах ухааны доктор Ц. Төмөр-Очир болон түүний хамт олонд баяр хүргэлээ.
Энэхүү МСК-ийн Монгол улс дахь анхны компакт гэрээ нь 2008-2013 оны хооронд хэрэгжсэн бөгөөд зам тээвэр, мэргэжлийн боловсрол, өмчийн эрх, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг олон салбарыг хамарч байв. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 285 сая ам.доллар байсан бөгөөд үүний 40 гаруй сая ам.долларыг эрүүл мэндийн төслийн хүрээнд халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрт оношлох болон менежментийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулсан байна.
МСК нь Монгол Улсад одоогийн байдлаар Улаанбаатар хотын усны нөөцийн тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн таван жилийн хугацаатай компакт гэрээг хэрэгжүүлж байна. МСК-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байгаа бол Монгол Улсын Засгийн газар тус хөтөлбөрт 111 сая ам.долларыг нэмж оруулж байна.
МСК нь эдийн засгийн шийдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд шаардлага хангаж буй орнуудад томоохон хэмжээний буцалтгүй тусламж үзүүлдэг АНУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Average Rating